Google компани гар утасны төхөөрөмж үйлдвэрлэх талбарт орохоор Motorola Mobility компанийг 2011 онд авч байсан билээ. Тэгвэл уг компаниа өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Lenovo компанид зарснаар гар утасны төхөөрөмж үйлдвэрлэлээс бүр мөсөн гарсан юм.
Харин 2013 оны 10 сард зарлаж байсан ARA төсөл нь үргэлжлэхээр болжээ. Уг төсөл нь дэлхийд анх удаа эд ангиар нь салгаж, угсарч болдог яг л Лего тоглоом шиг ухаалаг гар утас бүтээх зорилготой.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч утасныхаа камер, санах ой, процессор, дэлгэц зэрэг бүх хэсгүүдийг салгаж сольж сайжруулж болох бүтэцтэй (modular) байх юм.
Google компаниас ARA төслийн хөгжүүлэгчдийн чуулганыг Цахиурын хөндийн Компьютерын Түүхийн Музейд ирэх дөрөвдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар зарласан байна.